ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Бирж нь “Гишүүнчлэлийн журам”-ын 2.1-д заасан дараах шаардлагыг хангасан этгээдийг гишүүнээр элсүүлнэ. Үүнд:

  1. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд байх,
  2. СЗХ-ноос үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан байх,
  3. СЗХ-ноос баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан байх,
  4. Үйл ажиллагаандаа дагаж мөрдөх эрсдэлийн удирдлагын болон дотоод хяналтын дүрэм журамтай, эрсдэлийн сангийн хөрөнгийг тусгайлсан дансанд байршуулсан байх,
  5. Компанийн хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан, мэргэжилтнүүд нь СЗХ-ноос баталсан тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байх,
  6. Компанийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд, дотоод хяналтын ажилтан нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан байх,
  7. Үнэт цаасны зохицуулалттай үйл ажиллагаанд үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай байх,
  8. Биржийн гэрээт клирингийн байгууллагын гишүүнчлэлтэй байх,
  9. Харилцагчид үйлчилгээ үзүүлэх программ хангамжтай, дээрх программ нь арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллагын программтай холбогдож мэдээлэл солилцох боломжтой, харилцагч өөрийн дансаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох, удирдах боломжтой байх,
  10. Биржийн гишүүнээр элсэхээр хүсэлт гаргасан үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх этгээд нь “Гишүүнчлэлийн журам”-ын 2.1-д заасан шаардлагаас гадна СЗХ-ноос баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар тогтоосон үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ тухайн чиглэлийн эрхийг авсан мэргэжилтэнтэй, үндсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дүрэм, журамтай байх,
  11. СЗХ-ноос мөнгөн хөрөнгийн номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй бол СЗХ-ноос баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар тогтоосон өөрийн хөрөнгө, мэргэжилтэн, программ хангамжийн шаардлагыг тус тус хангасан байх,
  12. Биржийн гишүүнээр элсэхээр хүсэлт гаргасан үнэт цаасны дилерийн болон итгэмжлэгдсэн дилерийн үйл ажиллагаа эрхлэгч нь “Гишүүнчлэлийн  журам”-ын 2.1-д зааснаас гадна дилерийн үйл ажиллагаа явуулах дүрэм, журамтай, дилерийн үйл ажиллагаа эрхлэх орон тооны мэргэжилтэнтэй байх,
  13. Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь Биржийн гишүүнээр элсэхэд хөрөнгийн үнэлгээ, төсөл, судалгааны чиглэлээр ажиллах орон тооны мэргэжилтэнтэй, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх журамтай байх,
  14. Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь гишүүнээр элсэхэд “Гишүүнчлэлийн журам”-ын 2.1-д зааснаас гадна хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг дагнан эрхлэх орон тооны мэргэжилтэнтэй, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгуулах гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах орон тооны хуульчтай байх.

ГИШҮҮНЭЭР ЭЛСҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ

Бирж нь дараах үндэслэлээр өргөдөл гаргагч этгээдийг гишүүнээр элсүүлэхээс татгалзана. Үүнд:

  1. Гишүүнээр элсэхэд шаардлагатай бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон.
  2. Хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь санхүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа эсхүл сүүлийн 5 жилийн хугацаанд санхүүгийн гэмт хэрэгт холбогдон буруутай болох нь тогтоогдсон.
  3. “Гишүүнчлэлийн журам”-ын 3.1-д заасан бичиг баримтын бүрдэл, агуулгын шаардлагыг хангаагүй.
  4. Хүсэлт гаргасан этгээд Биржийн гишүүнээр элсэж, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх нь түүний эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, толгой компанийн хувьд хуулиар хориглогдсон үйл ажиллагаа гэж үзсэн.

Бирж хүсэлт гаргагчийг гишүүнээр элсүүлэхээс татгалзах шийдвэр гаргасан бол энэ тухай албан бичгээр хүсэлт гаргагчид мэдэгдэж, шийдвэрийн хуулбарыг хүргүүлнэ.

БИРЖИЙН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ҮЙЛ ЯВЦ

  1. Гишүүнээр элсэгч нь өргөдлийн маягтыг бичиг баримтын хамт илгээнэ.
  2. Бирж нь бүрдэл бүрэн хангасан өргөдлийг хуанлийн 10 хоногт багтаан хянана.
  3. Гишүүнчлэлийн шаардлага хангасан тохиолдолд гишүүнээр элсүүлэх шийдвэр гарна.
  4. Гишүүнээр элсүүлэх шийдвэр гарсан тохиолдолд ажлын 2 хоногт багтаан гишүүнчлэлийн гэрээг хийнэ.
  5. Гишүүнээр элсүүлэх шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан гишүүнчлэлийн хураамжийг Биржийн дансанд төлнө.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Биржийн гишүүнээр элсэхээр хүсэлт гаргаж буй этгээд нь “Гишүүнчлэлийн журам”-ын 3.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн, хавсралт 3-д заасан “Маягт 1”-ийг бөглөн хамт ирүүлнэ.

 

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХУРААМЖ

Хураамжийн төрөл

Хураамжийн дүн

Давтамж

Гишүүний элсэлтийн хураамж

20,000,000₮

Нэг удаа

Гишүүний жилийн хураамж

1,000,000₮

Жил бүр